Sunday, 25 January 2015

Эрчим хүчний гуйлга ба Монгол Улс


“Алтан дээр суусан гуйлгачин” гэж биднийг гадаадын томоохон хэвлэлүүд уул уурхайн баялагтай нь холбон шоглон бичих нь бий. Тэг­вэл манай улс нар, салхи, ус гэх мэт сэргээгдэх эрчим хүчний төдий­гүй дулааны, цахилгааны станцын гол эх үүсвэр болсон хүрэн нүүрс­ний ч арвин нөөцтэй хэрнээ ОХУ-аас импортын эрчим хүчний “гуйл­га” хийсээр өдийг хүрч байна. Энэ бай­дал яах аргагүй алтан дээр суу­сан гуйлгачны үлгэрийг харуулж, дотор “маажих” мэт. Манай улс эр­чим хүчээ дотооддоо хангаад зог­сох­гүй, гаднын улсуудад худалдаа­лах бүрэн боломжтой гэдгийг ал­баныхан ч, салбарын мэргэжилт­нүүд ч  хэлдэг. Үүнийг стаститик тоо ч батлан харуулна. Жишээлбэл, ма­най улсын нарны эрчим хүчний нийт нөөц 4800 терраватт цаг, сал­хиных нь 8100 терраватт цаг бай­даг хэмээн салбарын яамнаас тоо­цоолон гаргажээ. Энэ нь асар их хэмжээний нөөцтэй гэсэн үг. Хэ­дийгээр дээрх нөөцийн 10 хувийг л бодитой нөөц хэмээн тооцсон ч бү­рэн ашиглаж чадвал дотоодын­хоо хэрэгцээг төдийгүй дэлхийн, Азийн хэд хэдэн улсын хэрэгцээг энэ нөөцөөрөө хангах боломжтой юм байна. Тухайлбал, Өмнөд Со­лонгосын жилийн хэрэглээ гэхэд 400 терраватт цаг байдаг ажээ. Ин­гэ­хээр манай улс Азийн супер сүл­жээнд холбогдож дэлхий даяар эр­чим хүчээ экспортлох бүрэн бо­ломж­той юм. Нөгөө талаас манай нүүрсний нөөц асар их буюу бат­лагд­сан нь  160 орчим тэрбум тонн. Үүнээс “Эрдэнэс-Тавантолгой” ком­панийн нөөц дөнгөж 16 тэрбум тонн буюу аравны нэг нь л гэсэн үг юм. Тэгэхээр хэрэв санаагаар болдог бол манайд эрчим хүч гаргаж авах бүхий л нөөц нь байгаа гээд бодохоор бид гадаадаас эрчим хүч өндөр үнээр авч царайчлах нь байтугай, дэлхийд эрчим хүчний салбарын томоохон тоглогч болж гялалзах тавилантай баймаар. Гэтэл бодит байдал дээр бүх зүйл эсрэгээрээ байгаа нь харамсалтай. Манайх нэг кВт цахилгааныг до­тоод­доо 116 төгрөгөөр үйлдвэрлэ­дэг. Харин ОХУ-аас импортоор 130 төг­рөгөөр авч иргэд, аж ахуй нэг­жид үүнээс харьцангуй бага буюу алдагдалтай үнээр зардаг. Тухайл­бал, айл өрхөд 79.80-96 төгрөгөөр ху­далдаалж байгаа бол уул уур­хайн болон үйлдвэрлэлийн компа­ниу­дад үүнээс 20-30 хувиар нэмж эр­чим хүчээ борлуулдаг жишигт саях­наас шилжсэн. Энэ нь эрчим хүчний салбарын алдагдлыг бага боловч нугална хэмээн албаныхан таамаглаж буй. Манай эрчим хүч­ний салбар хамгийн их татаастай, төрийн мөнгөөр “угжуулж” амьдар­даг хэмээн албаныхан шүүмжил­дэг.  Иймдээ ч эрчим хүчний үнийг чө­лөөлж, салбараа “аваръя” хэ­мээн удаан ярьсан ч өнөөдөр үр дүн алга.


ИМПОРТ БА ХЭРЭГЛЭЭ


Манай улсын цахилгаан, ду­лааны хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом өсч буй. Энэ хэрээр ч ОХУ-аас авах импортын цахилгааны хэ­рэглээ өсч байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд ОХУ-аас авч байгаа эрчим хүчний импорт гурав дахин өссөн гэх тоо бий. Өнгөрсөн онд манайх өвлийн ид ачааллын үед 878 мВт цахилгаан хэрэглэсэн бол энэ өвлийн хувьд 960 орчим мВт цахилгаан хэрэглэхээр тоо­цоо­той байгаа аж. Гэтэл манай ул­сын цахилгааны хүчин чадал ер­дөө 739 мВт гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдэгдсэн. Тиймээс ОХУ-аас авах цахилгааны импортоо нэмэгдүүлж, 350 орчим сая кВт болгосон аж. Манай улс ид ачааллын үе буюу 18.00-22.00 цагийн хооронд ОХУ-аас эрчим хүчээ нэмэлтээр авч “аргалдаг”. Импортын эрчим хүч нэмэгдэхийн хэрээр дотооддоо үйлдвэрлэдгээс илүү үнэтэй эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдээд л байна гэсэн үг. “ОХУ үнээ нэмэхэд бид юу ч хэлж чадалгүй дагах нь мэдээж. Сүүлийн жилүүдэд ОХУ манайд худалдаал­даг эрчим хүчний хэмжээгээ нэмэх сонирхолгүй байгаа ч бид гуйгаад л авч байгаа” хэмээн Эрчим хүчний яамны  газрын дарга Эрдэнэпүрэв он­цолсон. Түүнчлэн манай улс ОХУ-аас авдаг эрчим хүчнийхээ төлбөрийг ам.доллараар төлдөг учир ханшийн савлагаа ч дарамт үзүүлж байгаа ажээ. Манай улсын эрчим хүчний хэрэглээ  2020 гэхэд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Тэгэхээр дотоодын хүчин чад­лаа нэмэгдүүлэхийн тулд ашиглал­тад оруулахаар төлөвлөж байгаа ч олон жил дамнан цаасан дээрээ­сээ ховхроогүй ТЭЦ V болон Эгийн голын усан цахилгаан станц, Амга­лан­гийн дулааны цахилгаан станц, цаашлаад ТЭЦ II 100  мВт, ТЭЦ III 50 Мвт нэмэх өргөтгөлийн ажлыг яаравчлахгүй бол эрчим хүчний хэрэглээгээ гүйцэхгүй байдалд хүрэх нь гэдгийг албаныхан хэлж буй. Шуудхан хэлэхэд эцсийн цэг 2017 он гэдгийг Эрчим хүчний яамнаас мэдээлж буй. Тодруулбал бидний одоогийн эрчим хүчний хэрэглээ энэ хурдаараа өсвөл  2017 он гэхэд огт хүрэлцэхгүй болж, хомдсдолд орно гэдгийг сануулж байна. Эдийн засаг тасралтгүй хөг­жиж буй нөхцөлд хэрэглээ дагаад одоогийнхоос ч илүү хурдтай өсөх нь гарцаагүй. Гэтэл шинэ эрчим хүчний эх үүсвэрүүдийн тов улам л бүдгэрч, ашиглалтад орох хугацаа нь  тав, арван жилээр сунасаар л байгаа. Харин цаг хугацаа, үйлд­вэр­лэл, хөгжил дэвшил биднийг хүлээхгүй.


АЛДАГДАЛ АРВАН ТАЛААС НЬ ЗУЛГААДАГ


Олон хүүхэдтэй өрхийн төсөв, хувцас хунар хоол унд нь хүрэлцдэг­гүй. Орлогоосоо давсан зарлага­тай, хур өртэй өдөр хоногийг арга­цааж л  амьдардаг банкны барь­цаанд орчихсон айл шиг байдалд эр­чим хүчний салбар орчихоод бай­гааг судлаачид хэлдэг. Бодит бай­дал дээрээ ч тийм гэдэг нь ха­рагдаад байна. Наад зах нь үйлд­вэрлэж байгаа бүтээгдэхүүн нь ашиг биш алдагдал авчирдаг, га­даа­даас өндөр үнээр эрчим хүч ху­далдаж авдаг. Хэрэв биз­несийн байгууллага байсан бол тэг биш бүр хасахын хасах бланстай ажил­лаж байна гэсэн үг. Алдагдал нь одоогоор 60 гаруй тэрбум да­ваад явж буй. Дээр нь эрчим хүчний буюу хүрэн нүүрс нийлүүлдэг Ша­рын гол, Шивээ овоо, Багануур зэ­рэг компани бүгд л хөрөнгийн ду­таг­далтай, алдагдалтай ажиллаж байгаа хэмээн гомдоллодог. Тээ­вэр­лэлт болон хөрс хуулалтын зар­дал өндөр байдаг ч нүүрсээ маш хямдаар зардаг учир тэд ийн­хүү гарч болдоггүй алдагд­лын тойргийн хаалгыг татжээ. Дээр нь урсгал шинэчлэл засвар, дулаа­ны болон цахилгааны шугам сүл­жээг засварлахад төсөв мөнгө бага байгаагаас үүдэж энэ салбарт шинэчлэл хийх хөг нь өнгөрчээ.


БОЛОМЖ ЮУ БАЙНА ВЭ


Алтан дээр суусан гуйлгачин гээд адлуулаад, алдагдалд дарлуу­лаад явах уу, үгүй юу гэдэг бидний сонголт. Бид “гуйлгачин” байх сон­голтыг сайн дураараа хийсээр өдий хүрч байна. ТЭЦ V-ыг  барих гэж 10 жил, усан цахилгаан станц барина хэмээн мөн л 10 орчим жил ам хуурайгүй ярьж байгаа ч өнөө­дөр “Салхит” салхин цахилгаан станцаас өөр ашиглалтад оруул­чих­сан дунд болон том хэмжээний станц алга. Эрчим хүчний салбар­тай “хиймэл амьсгал” хийж ухаан сэхээтэй болгохын тулд Эрчим хүчний зохицуулах хорооноос айл өрх болон албан байгууллагуу­даас авах эрчим хүчний үнээ тодор­хой хэмжээгээр нэмсэн. Энэ нь нийт алдагдлыг тал хувийг буюу 30 тэрбум төгрөгийг  “цааш нь харуул­на”  гэж төлөвлөж байгааг албаны­хан хэлсэн. Зарим судлаач үнийг бодитой төвшинд аваачиж буюу нэг квт цахилгааныг 180-200 орчим төгрөгөөр борлуулбал алдагдал­гүй болно гэж ярьдаг. Тэгвэл энэ байдал нь иргэдийн амьдралд хүн­дээр тусч,  бүх үйлчилгээ, үйлдвэр­лэ­лийн үнэ огцом өснө гэдэг. Тэгвэл бодит байдал дээр энэ жижиг үйлд­вэрийн нийт зардлынх нь 2-3 хувь, Эрдэнэт мэтийн томоохон үйлдвэ­рийн хувьд 20 хүртэлх хувийг нь эзэлнэ хэмээн Эрчим хүчний инже­нер Р.Ганжуур онцолсон. Тиймээс айл өрхүүдийн хэрэглээний үнийг нэмэхээс илүүтэйгээр тансаг хэрэг­лээний үйлдвэрлэл буюу зоогийн болон уушийн газар, караоке, буу­дал зэрэг газраас ид ачааллын үед ашиглаж байгаа цахилгааны нэг кВт-ын үнийг өндөр тогтоох хэрэг­тэйг тэрээр хэлсэн. Дараагийн алхам нь уул уурхай томоохон үйлдвэрүүдийн цахилгааны үнийг нэмэх замаар эрчим хүчний салба­рын үнийг тогтоох хэрэгтэйг дуулга­сан юм. Өөр нэг чухал алхам бол эрчим хүчний салбар гадаад, до­тоо­дын хөрөнгө оруулагчдыг орж ирэх, томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүү­лэх хэрэгтэйг судлаачид хэлж бай­на. Хувийн секторт тоглогч олон байх тусам оролцоо нэмэгдэж, илүү сонирхолтой болох юм. Манай улсын эрчим хүчний салбарыг Хя­тад, ОХУ, Асвтрали, Франц, Солон­гос зэрэг улсын томоохон компани­дад хөрөнгө оруулалт хийх сонир­хол их байгааг хувийн секторынхон хэлж байгаа. Гагцхүү хэрхэн хам­тарч ажиллах, Засгийн газрын зал­гамж холбоо, бодлого хэр тогтвор­той байх тэдэнд хамгийн чухал аж. Учир нь эрчим хүчний салбар хөрөнгө оруулалт хийхээр үр дүн нь нэг хоёр жил биш 10, 20 жилээр яриг­даж гардаг учир хөрөнгө оруу­лагчид үүнийг хүсч байгаа нь тодорхой. Тэгэхээр байгаа болом­жоо алт болгож ашиглах уу, эсвэл алтан дээр суусан гуйлгачин чигээ­рээ үлдэх үү гэдэг нь 2017 он хүр­тэл манай улсын эрчим хүчний  сал­барын бодлого тодор­хойлогч­дын гаргах шийдвэрээс тодорхой болох нь.

No comments:

Post a Comment